Байгууллагын тухай
Байгууллага үүсэн бий болсон үндэслэл:
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх гадаадын зээл, тусламжийн төсөл арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл, улс, нийслэлийн төсөв болоод гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнээс нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг тусгайлан авч үзэх болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг зохих журмын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулж ажиллуулах”-ыг үүрэг болгосон.
Энэ хүрээнд НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсан.
Үүнээс хойш НИТХ-ын тэргүүлэгчдийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн батлаад байна.
Нийслэлийн Засаг даргын захирамж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1061 дугаар захирамжаар уг төслийн нэгжийн бүтэц, орон тоог 3 алба, 27 хүний нөөцийн бүрэлдэхүүнтэй байхаар анх баталсан. Хэмнэлтийн хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/935 дугаар захирамж, гүйцэтгэх ажил үйлчилгээтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны А/17 дугаар захирамжаар бүтэц, орон тоог тус тус шинэчлэн баталсны дагуу ажиллаж байна.
Дүрмээр заасан чиг үүрэг:
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай, үр дүнтэй хариуцан зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотод тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг барьж байгуулах, нийтийн тээврийн парк шинэчлэл, шинэ тойрог зам, замын байгууламж барих болон нийслэлээс хэрэгжүүлэх бусад “Түгжрэлийг бууруулах төсөл”-үүдийн уялдаа холбоог хангах, биелэлтийг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотод авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг төлөвлөх үе шатанд эрэмбэлэх, бусад төсөл, арга хэмжээ болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдтэй уялдааг хангах, хэрэгжилтийн үе шатанд захиалагчийн хөндлөнгийн хяналтыг өдөр тутамд хэрэгжүүлэхээс гадна тулгарч буй хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, нийслэлийн удирдлагыг л хангах, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх асуудлын танилцуулга, мэдээллийг бэлтгэн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороогоор уламжлуулан шийдвэрлүүлэх зэргээр ажиллав.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/313 дугаар захирамжаар БНФУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх” төсөл, 2022 оны А/1476 дугаар захирамжаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг тус тус хариуцан хэрэгжүүлж байна.