“Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого” хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн модератороор “Bloomberg” телевизийн дэд захирал Б.Батмагнай ажиллаж, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн, ЖАЙКА-гийн төлөөлөгч Койзүми Тайга, “Шунхлай” группийн зөвлөх Б.Бямбасайхан, архитектор З.Туяа нар санаа бодлоо уралдууллаа.
Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн:
Хотын авто замын түгжрэл бол хот байгуулалтын, зам тээврийн, хууль эрх зүйн, боловсролын гэхчлэн салбар дамнасан асуудал учир цогцоор нь төлөвлөгөө боловсруулж шийдэх ёстой юм. Нөхцөл байдлыг товчхон ярихад, 2030 онд хотын хүн ам хоёр сая давна, 2050 онд гурван сая гаруй хүн амтай болно. Тэгэхээр цаг алдалгүйгээр оновчтой төлөвлөлт гаргаж, ажилдаа орох хэрэгтэй байна. Манай хотын хүн ам гурав дахин өсчихсөн байхад гол гудамж зам огт нэмэгдээгүй, баруунаас зүүн тийш чиглэсэн ганцхан гол замтай. Өдөрт 700 мянган машин тэр замаар зорчиж байна. Тиймээс нийтийн тээврийн сүлжээг нэмэгдүүлэх нь эхний зорилт. Мөн хотыг голоор нь хувааж байгаа Туул, Сэлбэ гол, төмөр зам дээр яг стандартын дагуу 1-2 км-ийн зайтай нүхэн болон гүүрэн гарцтай болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа.
Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжтэй холбоотойгоор замын түгжрэл 23 хувиар нэмэгдэж байдаг. Хамран сургах тойрогтоо хүүхдээ сургадаг болох асуудал эндээс үүсэж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэл 2009 оноос хойш хийгдээгүй. Автобус байлаа ч хотын гол төв замууд автобусаар хүнээ тээвэрлэх боломжгүй болтлоо ачаалалтай болсон. Тийм учраас хотын дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу хотын төв рүүгээ орж ирдэг хөнгөн галт тэрэгний төслийг нэвтрүүлж байна. Мөн хөдөө, орон нутгаас орж ирж буй цэгүүдэд багтаамж ихтэй 30 мянган тээврийн хэрэгслийн зогсоол бүхий терминал байгуулна. Тэнд задгай зах, худалдааг байршуулахаар ажиллаж эхэлсэн. Зогсоол, замын хөдөлгөөний дүрэм, жолооч нарын соёлтой холбоотой зөөлөн бодлогыг ч боловсруулж буй юм.